해당내용의영역으로바로가기 메뉴바로가기 본문내용바로가기

국내·외 유학 정책 및 교육 사례를 소개하는 유학생교육정보센터

[Mongolia 몽골] Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд

등록일
2022.06.24 11:55:30

Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинар зохион байгуулагдав


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Хангүг Гадаад судлалын Их сургуультай хамтран “Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинарыг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тус их сургуулийн Манерба цогцолборт зохион байгуулав.

Дурдсан арга хэмжээг нээж Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Ерөнхийлөгч Пак Жон Вү нар мэндчилгээ дэвшүүлж, тус Их сургуулийн судлаач Жан Жэ Хёг, “Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал ба үнэлгээ: гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, тээвэр-ложистикийн салбарт” сэдвээр үндсэн илтгэл тавив.


Үндсэн илтгэлд дурдсан асуудлаар уг салбарын судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хөндөж ярилцав. Семинарт Монгол Улсын ГХЯ-ны ГХЭЗХАГ, МҮХАҮТ, Төрийн банкны Сөүл хот дахь төлөөлөл, БНСУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (KOTRA), Сунчоньхян Их сургууль, Сөүлийн Их сургууль, Хангүг Гадаад судлалын Их сургуулийн судлаач, эрдэмтэд оролцов. Үндсэн илтгэгч болон хэлэлцүүлэгт оролцогчид хоёр орны худалдааны эргэлтийг өсгөхдөө худалдааны тэнцвэрийг бодолцох, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх арга замыг судлах, эдийн засгийг төрөлжүүлэх, тээвэр-ложистикийн нөхцлийг сайжруулах, БНСУ-аас үйлдвэрлэлийн технологийг шилжүүлэх, аялал жуулчлалын улирлын мөчлөг, бүтцийг судлах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөв. Цаашид эдгээр сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн саналуудыг тодорхойлоход хэлэлцүүлэгт оролцогчид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцсан байна.


Уг арга хэмжээний үеэр Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Ерөнхийлөгч Пак Жон Вү, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нар уулзаж БНСУ дахь монгол судлал болон бусад асуудлаар санал солилцов. Хангүг Гадаад судлалын Их сургууль нь 2009 онд Монгол хэлний тэнхим байгуулсан бөгөөд манай улсын 9 их, дээд сургуультай хамтын ажиллагаатай, цаашид гадаад хэл, орон судлалаас гадна байгалийн ухааны салбарт оюутан суралцуулах боломжтой юм


Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia | Facebook

 목록